​2016 онд Оюутан цэрэг хөтөлбөр Дорнод, Ховд аймгуудад хэрэгжинэ.

02.01, 11:56


Монголын оюутны холбооны санаачлагаар Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалах сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны хамтарсан тушаалаар оюутан залуус цэргийн алба хаах журам батлаж, “Цэргийн ерөнхий бэлтгэл” болон “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалт явуулж, 2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан хамруулан бэлтгэж, цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга бага мэргэжлээр бэлтгэсэн.

Монголын оюутны холбооны санаачлагаар энэ жил “Оюутан цэрэг хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжихээр болсон байна.
Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2016 онд 1000 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдуулахаар холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа хангаж эхлээд байгаа бөгөөд Ховд аймагт 150 оюутан, Дорнод аймагт 100 оюутан, Улаанбаатар хотод 750 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах юм.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл Их, Дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан 2016 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн бүртгэх юм байна.
Тус хөтөлбөрийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалт хичээлийн хуваарь, хөтөлбөр, төлөвлөлтийн дагуу 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 01-ны хооронд зохион байгуулагддаг болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай тохиолдолд ажлын цагаар, ажлын өдрүүдэд Монголын оюутны холбооны 70111143 утсаар холбогдоно уу.

Хамтран ажиллагч байгууллагууд