Солонгост суралцагч Монгол оюутнуудын "Эрдэм" ЭШБХ зохион байгуулагдлаа

05.19, 15:34

БНСУ-д суралцагч нийт Монгол оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрдэм” Эрдэм Шинжилгээний Бага Хурал 2014 оны 5-р сарын 17-нд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн “ЭРДЭМ-2014” эрдэм шинжилгээний бага хуралд Сөүл хотоос гадна Жонжү, Улсан, Тэгү хотод суралцагч оюутан залуус хүрэлцэн ирж 'Байгалийн ухаан', 'Нийгмийн ухаан' гэсэн хоёр үндсэн салбарт нийт 15-н илтгэлийг хэлэлцүүлсэн юм. 

Нийгмийн ухааны салбарын тэргүүн байр Алтан медалийн эзнээр "Гуулин улсын сүүл үеийн хаадын Монгол нэрийн тухай" сэдвээр Ёнсей Их Сургуулийн оюутан Л. Эрдэнэбат шалгарсан бол "Гэмт хэрэг ба макро эдийн засгийн хүчин зүйлүүдийн харилцан хамаарал" сэдвээр СонГюньГуан Их Сургуулийн оюутан Ц. Долгорсүрэн дэд байрт шалгарлаа. 

Байгалийн ухааны салбарын Тэргүүн байрт "Амин хүчлүүдийн бүлэгтэй хатуу төлөвт графенийн усанд диссперсжилт: Полианилинтай нэгдэл ба түүний суперкапазиторын үзүүлэлт" сэдвээр Улсаны Их Сургуулийн оюутан Э. Гансүх шалгарч Алтан медалийн эзэн болсон бөгөөд Дэд байрт "Бөөрний булчирхайлаг эсийн хавдарт клото уургийн ялгарал болон түүний клиник ач холбогдолыг судалсан байдал" сэдвээр Ёнсей Их Сургуулийн оюутан Л. Саямаа шалгарч мөнгөн медалийн эзэн боллоо. 

“ЭРДЭМ-2014” эрдэм шинжилгээний бага хуралд Монгол улсаас БНСУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд хүрэлцэн ирж ЭШБХуралд амжилт хүсэн баярын үг хэлсэн юм. 

SK MAGIKO буюу БНСУ-д сургууль төгсөгчидийн холбооны шагналаар Сөүлийн Их Сургуулийн оюутан О. Гандолгор шалгарч Хойд Өмнөд Солонгосын зэвсэггүй бүсэд аялах 2 хүний эрхийн бичгээр шагнуулсан бол Улаанбаатар хотын Сөүл дэхь төлөөлөгчийн газрын шагналаар Соганг Их Сургуулийн оюутан Т. Гансүх шалгарч Улаанбаатар хотын Сөүл дэхь төлөөлөгч Б. Дулмаа шагналыг гардуулсан юм. 

Мөн МОХ-оос төлөөлөгчид хүрэлцэн ирж тус хуралд амжилт хүсэхийн сацуу СМОХ-н цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэн Ханян Их Сургуулийн оюутан Б.Урангоо, Хансон Их Сургуулийн оюутан Б. Чинбат нарт Монголын Оюутны Холбооны дээд шагнал "Манлайлагч оюутан" медалийг гардуулсан юм. 

Хамтран ажиллагч байгууллагууд