ОЮУТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САРЫН АЯНЫ НЭЭЛТ ЭХЭЛЛЭЭ

09.06, 16:54

Эрүүл мэндийн сайдын 309 дүгээр тушаалаар энэ жилээс эхлэн жил бүрийн 9 дүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгохоор шийдвэрлэсэн. Энэ аяныг зохион байгуулах ажлын хэсэг ЭМЯ, ХАХНХЯ, БШУЯ, НЭМГ, НҮБ-ын Хүн амын сан, МОХ зэрэг байгуулагуудын төлөөллүүдийг оролцуулан байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр энэ нэг сарын хугацаанд хийж, хэрэгжүүлэх ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

        ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Оюутнуудын эрүүл мэндийг дэмжихийн тулд салбар байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, ялангуяа эрүүл мэндийн салбар, иргэний бүртгэлийн байгууллага, эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хамтран оюутны эрүүл мэндийн төлөө хэрхэн ажиллах вэ гэдэгт энэхүү аяны гол зорилго оршиж байгаа юм. Мөн залуучуудыг аль болох эрүүл байлгах, тэднийг эрүүл зан үйлд төлөвшүүлэхэд чиглэж, мэдээлэл, сургалт сурталчилгааны чиглэлээр оюутны эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд илүү анхаарна” гэсэн юм.


        "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ын нээлтийг ирэх баасан гарагт буюу энэ сарын 6-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулахаар болсон байна. Нээлтэд холбогдох яам, агентлагууд эмнэлэгийн байгууллагууд оролцохоос гадна их дээд сургуулиуд оролцох юм. Энэ үеэр оюутнуудад эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар сургалт, сурталчилгаа явуулж, эрүүл мэндийн даатгалд хамруулах, хараа шалгах, амны хөндийн үзлэг зөвлөгөөг өгөх, өндөр жин үзэх зэрэг олон үйл ажиллагаа зохиогдох аж. Энэ жилийн хувьд оюутнуудад эрүүл мэндээ хамгаалах талаар сургалт, сурталчилгаа явуулаад зогсохгүй оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлнэ гэдгээ ажлын хэсгийн гишүүд онцолсон. Оюутнууд

 

эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар жилдээ 1,328,000 төгрөгний эмнэлэгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй байдаг ажээ. Мөн оюутнууд сайн дурын үүднээс нийгмийн даатгалд даатгуулах боломжтой байдаг байна.

Түүнчлэн хөдөө орон нутгаас хотод сурахаар ирсэн оюутнууд хаягын зөрчлөөс үүдэн улсын эмнэлэгүүдээр үйлчлүүлж чаддаггүй. Энэ байдлыг судалж үзснээр оюутнуудад түр оршин суугчдын бүртгэлд хамруулах ажлыг НЭМГ-аас эхлүүлэхээр болжээ. Ингэснээр хөдөө орон нутгийн оюутнууд түр оршин суугчын бүртгэл иргэний үнэмлэх даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтаараа харъяа дүүргийн эмнэлэг болон улсын эмнэлэгүүдээр үнэ төлбөргүй үйлчлүүлэнэ гэсэн үг.

Монголын оюутны холбооны Хэвлэл мэдээллийн хэлтэс А. Азжаргал 9910 3217

Хамтран ажиллагч байгууллагууд