Оюутны шар виза карт Смарт карт болж өөрчлөгдлөө

08.22, 23:05

      Энэ жил 113 мянган оюутан нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчино.

Өмнөх жилүүдэд оюутны виза картыг намар орж ирэхэд нь захиалаад, гарахгүй уддаг байсан бол энэ жилээс ахлах курсын оюутнууд хавар  захиалж, одоогийн байдлаар 57 мянган оюутны виза картыг хэвлээд дуусчихсан байна.

Харин нэгдүгээр курсын оюутнууд сургуульдаа орсон даруйдаа сургуулийнхаа оюутны холбоогоор дамжуулаад картаа нийтийн тээврийн наалтын хамт захиалах боломжтой. Мөн захиалгаас хоцорсон оюутнууд нэгдүгээр курсын оюутнуудын карт захиалгын дараа захиалгаа өгнө.

Өмнө нь "Голомт" банктай хамтарч ажиллан, оюутны шар виза карт хэвлүүлдэг байсан бол энэ жилээс "Төрийн банк"-тай хамтран шинэ смарт карт хэвлүүлсэн байна. Тус картанд нууцлалтай нийтийн тээврийн наалтыг нааснаар оюутнуудын нийтийн тээврээр зорчих эрх нь үүснэ.

Картан дээр наах нийтийн тээврийн наалт нь нууцлалтай, нэг оюутанд зориулсан нэг серийн дугаартай  байх бөгөөд тус серийн дугаарт оюутны овог нэр, суралцаж буй сургууль, курс бүртгэгдэх тул дамлан худалдах, хуурамчаар хуулбарлах гэх мэт зөрчлүүд гарахгүй.

Иймд есдүгээр сарын 15-н гэхэд 113 мянган оюутан виза картаараа нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой юм.

Шинээр хэвлэгдэж буй энэхүү шинэ смарт картаар зөвхөн нийтийн тээврээр зорчоод зогсохгүй, зарим үйлчилгээний төвд хөнгөлөлттэй үйлчлүүлэх, лизингээр ipad худалдаж авах, оюутны тэтгэлэг 70200 төгрөгөө авах боломжтой юм.

Энэхүү виза карт нь арван сарын хугацаатай буюу есдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1-н хүртэл хүчинтэй байна.

Цаашид Монголын оюутны холбооноос оюутнуудад смарт картаараа эрүүл мэндийн төвүүдэд хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй болох тал дээр зорьж ажиллана.

Монголын Оюутны Холбооны Хэвлэл мэдээллийн хэлтэс А. Азжаргал 99103217

Хамтран ажиллагч байгууллагууд