Оюутан цэрэгт 1000 оюутан хамрагдана

03.25, 12:25

Зэвсэгт хүчнийг 1990-ээд оноос цомхотгож, хугацаат цэргийн алба хаагчийн тоо цөөрсөн, хуулийн дагуу их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн албанаас чөлөөлж байгаагаас иргэн бүр “Монгол Улсын Үндсэн хууль”-аар хүлээсэн “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үүргээ биелүүлж чадахгүй байна.

Зэвсэгт хүчин, хилийн цэрэгт мөрдөж байгаа өнөөгийн орон тоогоор жил тутам цэргийн насанд (18) хүрч байгаа нийт залуусын 30 хувийг л хугацаат цэргийн албанд татах боломжтой байдаг.
Иймд Монголын оюутны холбоо санаачлага гарган, оюутан байх хугацаандаа цэргийн албыг дүйцүүлэн хаах боломжтой “Оюутан цэрэг” хөтөлбөрийн төслийг санаачлан, Монгол улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид өргөн барьснаар Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Засгийн Газарт чиглэл өгөх тухай” 92 дугаар зарлиг, Засгийн Газрын 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Хөтөлбөр батлах тухай” 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” А/49, А/56 дугаар хамтарсан тушаалаар Монгол Улсын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусыг суралцах хугацаанд нь цэргийн сургалтад хамруулж, цэргийн алба хаалгах журам батлагдаж, цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор батлагдан, хэрэгжиж эхлэсэн.
“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нээлтээ хийж, 2014 онд 42 их, дээд сургуулиудын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 418 оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан.
2015 оны хувьд 1000 оюутан цэргийг бэлтгэх зорилготой байгаа бөгөөд Их, Дээд сургуулийн 1 дүгээр курсын 18-25 насны эрэгтэй оюутнууд, 2 дугаар курсын 18 настай эрэгтэй оюутнуудыг 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс сургуулийн сургалтын албан дээр бүртгэж эхлээд байна.




Хамтран ажиллагч байгууллагууд