МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэнд юуны өмнө Олон улсын оюутны эрхийн өдрийн мэндийг хүргэе.

Ардчилсан хувьсгалын тулгын 3 чулууны нэг Монголын Оюутны Холбоо нийт оюутны өмнө тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, цаашдын үйл ажиллагаанд баримтлах бодлого, чиглэлийг боловсруулан баталж бүтэц, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэн ээлжит XII чуулганаа халуухан уур амьсгалд амжилттай зохион байгуулж шинэхэн бүрэлдэхүүн ажилдаа орлоо.

Хөрвөх чадвартай боловсролыг эх орондоо олж авах, эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ ажил хөдөлмөр хийх боломжтой байх, монгол соёл, өв уламжлал, их спорт, биеийн тамираа хөгжүүлж эх орноо дэлхийд данстай байлгах зорилтыг дэвшүүлэн ажиллахаар бид хичээн чармайн ажиллана.

Энэхүү зорилгыг гүйцэлдүүлэхэд дан ганц бидний бодлого, үйл ажиллагаа хангалттгүй юм. Оюутан бүрийг мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин болж төлөвшихөд оюутны анхан шатны байгууллагууд, тэр тусмаа оюутан таны үүрэг, оролцоо маш чухал байна.

Монголын Оюутны Холбоо нь их, дээд сургуулийн аттестатчиллын комисс, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Их дээд сургуулийн удирдах зөвлөлд оюутны өөрөө удирдах байгууллагын төлөөллийг оролцооны тал дээр тогтмол анхаарч шийдвэр гаргах төвшинд оюутны өөрөө удирдах байгууллагын төлөөллийг оролцуулах, төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх чиглэлээр холбогдох талуудтай нягт хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Шинэ бүрэлдэхүүн ажлаа хүлээн аваад 20 хүрэхгүй хоног болж байгаа хэдийч Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран Оюутны эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг оюутан бүрт хүргэх, Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар БШУЯам болон бусад холбогдох талуудтай гэрээ байгуулах, Оюутны байгууллагын “E-оффис” сүлжээнийн цахим сан байгуулах, 1000 оюутны байрны төсвийн асуудлыг шийдвэрлэсэн зэрэг шинэлэг ажлуудын гараа амжилттай эхэлсээр байна.

Ингээд энэхүү мэндчилгээг уншин суугаа таны ухаан цэлмэг, үг мэргэн байж хийж хэрэгжүүлэх асуудал бүхэн тань хөгжил дагуулсан шийдэлд хүрэх болтугай.

Залуу хүнд зорилго үгүй бол

Эх оронд ирээдүй үгүй.

МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБООНЫ

ЕРӨНХИЙЛӨГЧ Д.БАТБАЯР

Хамтран ажиллагч байгууллагууд